2010-07-21

1 (н... - Э. Э. Каммингс (1894-1962)

1 (н

на
вч
ун
а

х)
ган
ц

рдал


Хорьдугаар зууны хамгийн алдартай яруу найрагчдын нэг Эдвард Эстлин Каммингс (E. E. Cummings)-ын энэхүү шүлгийг монгол руу орчуулж болсон нь сонин. Уг нь орчуулах ёсгүй шүлэг л дээ. Эндээс та модны мөчрөөс тасран унаж буй навчны зураглалыг харсан байх.

Дайн - Луйжи Пиранделло (1867-1936)

"Миний бүтээл өөрийгөө хуурч буй хүмүүсийг өрөвдөх гашуун сэтгэлээр дүүрэн байдаг."

Луйжи Пиранделло

ДАЙН

Шөнийн хурдан галт тэргээр Ромыг аль хэдий нь ардаа орхиод буй зорчигсод маань аялалаа үргэлжлүүлэхийн тулд Фабрианогийн галт тэрэгний жижигхэн буудал дээр үүр цайтал хүлээх хэрэгтэй болоод байлаа.

2010-07-20

Эрвээхэй - Фавзияа Абу Хализ (1955)


Эрвээхэй

Намайг чи орхиод явсан,
Гунигт шүлэг надад хэрэг болоогүй
Чи миний зүрхэнд эрвээхэйн нисэлтийг үлдээсэн.
Би тэдний замыг дагадаг
Яг л бедуйн эр саваагүй адууныхаа мөрийг
Ягштал дагадагтай адил.

Орчуулсан Ike

Лорелай - Хайнрих Хайне (1797-1856)

Цээжинд минь тусах гунигийг
Цээргүй тайлбарлаж үл чадна
Өнө эртний домогт
Эзэмдүүлж бие минь үдгэн зовно.

Харуй бүрий болж
Хайрах агаар сэнгэнэхүйд
Харин Рэйн мөрөн тайван гэгч нь урсана.

Хэрэмт мөрөн рүү өнгийсөн
Хэц цохион орой дээр
Хэнз гоо бүсгүй тайван гэгч нь сууна.

Жаргах наранд түүнийг
Шаргалхан үсээ самнахад нь
Шижир алтан чимэг нь
Шижигнэн гялтганана.

Уйтгарт автсан гоо үзэсгэлэн
Усан онгоц хөвөх зүг
Уянгалаг хоолойгоор дуулахуйд
Бүхнээс тод эгшиглэх дуунд
Боцман эрийн чих гижигдүүлж
Бахархан биширч, сонсон таална.

Нүд нь бүсгүйгээс өөр юуг ч үл харна
Тэр ч бүү хэл
Тэвхгэр хадыг ч үл хайхарна.

Эцэст боцманы хашгираан хадна
Эгнэгт давалгаа онгоцыг залгина
Энэ бол түүний, алтанхан Лорелайн
Эгшигт дуугаараа хийсэн үйл ажгуу.

1824

Алт эрдэнэсийг бүү хураа - Эдит Сөдергран (1892-1923)


Samlen icke guld och ädelstenar

Människor,
samlen icke guld och ädelstenar:
fyllen edra hjärtan med längtan,
som bränner likt glödande kol.
Stjälen rubiner ur änglarnas blick,
dricken kallt vatten ur djävulens pöl.

Människor, samlen icke skatter
som göra er till tiggare;
samlen rikedomar
som giva er konungamakt.

Skänken edra barn en skönhet
den människoögon ej sett,
skänken edra barn en kraft
att bryta himlens portar upp.

1918

Алт эрдэнэсийг бүү хураа

Хүмүүс ээ,
Алт эрдэнэсийг бүү хураа:
Цогших нүүрс адил шуналаар,
Цэвэр зүрхээ бүү дүүргэ.
Сахиусан тэнгэрийн нүднээс алмас эрдэнэ хулгайлж,
Чөтгөрийн өмнө сөгдөн цэвдэг уснаас нь бүү балга.

Хүмүүс ээ, эрдэнэс бүү хураа
Эрхгүй та нар гуйлгачид болно,
Аугаа их хүчийг олох
Ариун баялгийг л хураахтун.

Өөрсдийн үрсдээ хүний нүд үзэж үл чадах
гоо үзэсгэлэнг бэлэглэ,
Үр хүүхэд тань Диваажингийн нурмал хаалгыг засах
тэнхэл олох билээ л

"Бясаа" жүжиг

Мейерхольдийн тавигдаж байсан алдартай жүжгүүдийн нэг “Бясаа”-ийн талаар энд авч үзье. Энэхүү “Бясаа” хэмээх жүжгиндээ тэрээр биомеханик системээ бүрэн ашигласан юм. Ийнхүү жишээ болгон Мейерхольдийн найруулсан “Бясаа” жүжгийн талаар хэлэлцье.

1928 онд энэхүү “Бясаа” хэмээх жүжиг бичигджээ. Зөвлөлтийн пролетрарийн ухуулан сурталчлагч, илтгэгч Маяковский энэхүү “Бясаа” хэмээх Зөвлөлтийн системийг ёгтолж егөөдсөн агуулгатай жүжгийг бичсэн гэдэгт итгэх нь бэрх юм. Гэхдээ Маяковский Зөвлөлт эрх чөлөөг хяхан хавчигч системээс урлаг, өөрийн арга барил, футуризмыг илүүд үздэг нь эндээс харагдаж байгаа юм.

Эхний дөрвөн үзэгдэл дээр жүжгийн гол дүр Иван Присипкин маань сөрөг дүр гэдэг нь ойлгогдож эхэлнэ. Тэр өөрийн пролетари гарал угсаагаа нуун хөрөнгөтөн эмэгтэйтэй гэрлэхийг хичээх болно. Тэр өөрийн жирэмсэн ажилчин ангийн эхнэрээ хаяж өөрийн нэрээ Пьер Скрипкин (Оросоор хийл гэсэн утгатай үг) болгон өөрчилнө. Тэр өөрийгөө хөрөнгөтний нийгмийн эр гэж хүмүүст итгүүлэх бөгөөд өөрийн ирээдүйн хадам ээжээ дагуулан дэлгүүрүүдээр хэсэж эхэлдэг билээ.

Лениний шинэ эдийн засгийн бодлогын үеэр өөрийгөө хөрөнгөтөн болгохыг мөрөөдсөн энэхүү дүр Сталины хатуу ширүүн засаглалтай тулж зовж байгааг энэ жүжигт өгүүлнэ. Маяковский энэхүү “Бясаа” зохиолоо онцгойлон Мейерхольдод зориулан бичсэн юм. Учир нь Мейерхольд олон жил түүнийг шинэ жүжиг бичээд өгөхийг гуйдаг байлаа. Энэ үед нь Маяковский “Комсомолская Правда” сонин дээрээ редактороор ажиллан их завгүй байсан тул бичиж өгөөгүй байсан юм.

Жүжигт 1929 оны Зөвлөлтийг дүрсэлдэг билээ. Зөвлөлтийн байдал үнэхээр муу байгааг Присипкины нөхөр олег Баяаны дүрээр илэрхийлдэг. Присипкины амьдарч байсан байр нь галд автан бүхий л даяараа шатаж дуусдаг билээ.

Жүжиг цааш үргэлжлэхэд 50 жилийн дараах үйл явдлыг харуулах болно. Присипкин гал коммандынхны байшин руу цацсан усан дотор хөлдөж 50 жилийн дараа эргэн сэргэх болно. Энэхүү цаг хугацааны өөрчлөлтийг Мейерхольд их сонин байдлаар үзүүлж чадсан юм. Олон улсын саналаар түүнийг дахин амилуулахаар шийддэг бөгөөд жүжгийн хоёр дахь хагаст Присипкин 1979 онд социалист утопийн улсад өөрийн муу араншингаараа бусад хүмүүст үлгэр дууриал үзүүлэн уруу татагч болдог билээ.

1979 онд Зөвлөлт холбоот улс Дэлхийн бүгд найрамдах холбоонд нэгдсэн байх ба бясаа, хараалын үг, архидалт, солиорол, бизнес, бүжиглэх, хайр дурлал, таргалалт зэрэг бүгд хуучны өнгөрсөн цагийн зүйл болон үлдсэн байдаг.

Удалгүй дээд албан тушаалтнууд Присипкиныг дахин амьдруулсандаа ихэд харамсах болно. Тэр өвчин тараагч болсон байдаг тэрээр нохойнд хүрэх даруйд нохойнууд хүмүүсээс гуйлга гуйж эхэлнэ. Тэрээр гитар тоглож хачин дуу дуулах хүмүүсийн эртний мэдрэмж болох хайрыг сэргээдэг ба шар айрагны үйлдвэрийн ажилчидтай уулзах даруйд тэдгээр ажилчид нь мансуурлын байдалд орон архи нэрж эхэлдэг байна.

Присипкины царайг харсан эмэгтэйчүүд шууд халдвар аван хайр хэмээх мэдрэмж тэдэнд сэргэн ирдэг билээ. Энэ нь бие биенээсээ дамжин халдварлаж Зөвлөлт даяар тархах болно. Утопийн засгийн газрын дээд албан тушаалтнууд түүнийг хүнд тооцохоо больж түүний бохир амьсгалыг шүүдэг аппараттай тусгай торонд хийж амьтны хүрээлэнд үзвэр болгон тавьдаг билээ. Тэр торонд мөн түүнтэй хамт сэргэсэн бясаа ч мөн адил байдаг. Маяковский энэ жүжгээ 1929 оны намраас эхлэн бичсэн байна. Энэ нь тэр өөрийн амиа 1930 онд хорлохоос 18 сарын өмнө гэсэн үг юм. Маяковский Зөвлөлтийн тод суртал ухуулагчдын нэг байсан ба коммунист намын жинхэнэ гишүүн байсан юм. Гэвч түүний энэхүү гутранги жүжиг нь Маяковскийн Зөвлөлтийн системийг буурай болж доройтно гэсэн зөгнөл болж өгчээ.

"Багт наадам" жүжиг


Энэ жүжгийг олон алдартай тайзны найруулагчид өөрсдийн өвөрмөц өнгө аясаар тавьж байсан юм. Гэхдээ хамгийн анх 1917 онд буюу жүжиг бичигдсэнээс 82 жилийн дараа Всеволод Мейерхольд Оросын тайзнаа тавьжээ. “Багт наадам” жүжгийг хориог тавьснаас хойш Мейерхольд Александрийнскийн театрт энэ жүжгийг тавих гэж 5 жил бэлтгэл хийсэн гэдэг.

Лермонтовын 1835 онд 21 насандаа бичиж дуусгасан “Багт наадам” жүжгийн үйл явдал декябристууд Санкт Петербургт засгийн эрх унагах гэсэн оролдлогын дараахан болно. Жүжиг нь сүйт бүсгүйгээ завхайрсан хэмээн хардаж улмаар амий нь хөнөөх язгууртны тухай өгүүлнэ. Энэ жүжгийг романтицизмын том төлөөлөл болсон жүжиг гэж үздэг.

“Багт наадам” жүжиг нь гурван жил дараалан Санкт Петербургийн театруудад тоглогдох зөвшөөрөл авч чадаагүй байна. Тэр үед зохиол, жүжгийн хяналт нилээн хатуу байсан юм. Учир нь цөөн хэдэн театрт тоглогдсон жүжгүүд нь шууд дээдсийн хүрээнд нөлөөлөх чадвартай байсан ажээ. Гэтэл энэ жүжиг нь дээдсийн хүрээнийхний хуурмаг хөндий байдал, далд завхай байдал, мөрийтэй тоглоом, хов живийг ил гаргаснаараа онцлогтой байсан юм.

Энэ жүжиг бол “Отелло” шиг гайхалтай яруу найрагчийн туурвисан аугаа жүжиг юм. Лермонтов жүжгээс гадна “Манай үеийн баатар” роман нь Оросын анхны реалист сэтгэлзүйн роман гэж үнэлэгддэг бөгөөд Лев Толстой, Фёдор Достоевскийн бүтээлүүдийн эхлэлийг тавьсан гэж шүүмжлэгчид үздэг. Энэ жүжигт Лермонтовын зохиолууд дээр түгээмэл тохиолдох зүйлүүдийг ажиглаж болно. Жүжгийн гол дүр Арбенин нь зарим талаараа Лермонтовын өөрийнх нь төлөөлөл гэх нь ч бий. Арбенин эхнэрээ хөнөөснийхөө дараа эхнэрээ буруугүй гэдгий нь мэдэж гашуудан, эцэст нь солиордог. Жүжигт бурангуй байдлыг илтгэсэн Казарин, Шприх мэтийн олон содон дүрүүд бий.

1841 онд 26 насандаа дуэллд орж нас барсан Михайл Лермонтовын бүтээлүүдийг романтицизм хамруулах нь их бэрхтэй хэрэг байжээ. Лермонтов хэдий Александр Пушкин, Лорд Байрон нарын нөлөөнд автаж бүтээлээ туурвиж байсан ч түүнийг романтик гэж бүрэн нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Лермонтовыг зарим шүүмжлэгчид цэвэр романтицист гэдэг байсан бол зарим нь романтицизмын дараачийн үе реализмтай холбож тайлбарладаг. Энэ маргаан нь ч цаанаа өөрийн гэсэн шалтагтай. Учир нь Лермонтов 1830-аад онд ид бүтээлээ туурвиж байсан бөгөөд энэ үед нь Орост ч тэр, баруунд ч тэр Романтицизмын бамбар бөхөж байсан үе юм. Зөвхөн Уиллиам Уордсвоүрф, Виктор Хюго нар л романтицизмыг амьдруулж явсан билээ.

Лермонтовын нэг үеийн Оросын алдартай шүүмжлэгч Виссарион Белинский Лермонтовын “Багт наадам” жүжиг, “Манай үеийн баатар” романыг бусдаас түрүүлэн шинэлэг, гайхалтай уран бүтээлүүд гэдгий нь хэлж байсан юм.

Оросын яруу найрагч Александр Блок, Оросын Нобелийн шагналт зохиолч Борис Пастернак нар Лермонтовын арга барилыг “маш бүтээлч, хувь хүн тал руугаа хандсан” гэж үнэлдэг байжээ. Лермонтовын намтар, уран бүтээлийн талаар 1982 онд ном туурвисан судлаач Жон Гаррард Лермонтовыг хоромхон зуур бүхнийг гэрэлтүүлэх сүүлт одтой зүйрлэсэн байдаг.

“Багт наадам” жүжиг нь хөгжмийн зохиолч Арам Хачатурянд алдарт “Багт наадам сюйт”-ээ бичихэд нь нөлөөлсөн юм. Одоо энэ сонгодог жүжиг нь дэлхий дахинаа олон оронд тоглогдож байна.

Марк Ротко - Абстракт биш Абстракт зургууд

Марк Ротко бол үгээр илэрхийлэгдэшгүй мэдрэмжийг (sensa) буулгаж өөрийн уран бүтээлээ туурвидаг, абстракт экспрессионизмыг үндэслэгчдийн нэг билээ. Маркус Роткович хэмээх энэ эр 1903 онд одоогийн Латви улсад төрсөн байдаг. 1913 онд Америкт цагаачлан ирсэн бөгөөд 1923 онд ахлах Иелийн их сургуулийг хоёрдугаар курсээсээ хаячихаад Нью-Иоркийн уран зураач оюутнуудын бүлгэм дээр оюутнууд натюрморт зурж байхыг харсан гэдэг. Ийнхүү тэр цагаас эхлэн Марк Ротко уран

Роткогийн уран бүтээлийн хэв маягийг цэвэр абстракт гэж хэлж болно. Гэвч Ротко өөрийгөө абстракт зураач гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Роткогийн бүрэн төлөвшсөн хэв маяг нь оюун ухаанаар тунгааж үл болох хязгааргүйд хүрч чадсан гайхалтай бүтээлүүд байдаг. Галлерид түүний зургийг үзсэн зарим хүмүүс цурхиран уйлах нь харагддаг. Жирийн хүн хараад хэзээ ч урлагийн бүтээл гэмээргүй зургуудын гүнд нэгэн үл тайлбарлагдах хүч, нууцлаг зүйл нуугдаж байх нь бий.

Марк Ротко нь Фридрих Ныцще, Зигмунд Фройд, Карл Юнг зэрэг сэтгэгчдийн нөлөөлөлд автсан байсан ба энэ нөлөөллөө ч уран бүтээлдээ тусгаж өгдөг байлаа. Гэвч Марк Ротко удалгүй сурреализмаас нүүрээ буруулсан юм. Түүний энд үзүүлсэн абстракт бүтээлүүдийг галерейд удаан харсан хэн бугай ч магадгүй өөрийн далд ухааны нэг түвшингээс илүү дээд зэргийн сүнслэг түвшин рүү шилжих мэдрэмжийг авч болох юм.

Нэг хэсэг митоморфик абстракционизм хэмээх урсгалаар бүтээлээ туурвидаг байсан нь түүний абстракт чиглэл рүү хандах замыг тавьсан хэрэг. Ротко 1949 оноос эхлэн санхүүгийн хувьд биеэ дааж, олон цуглуулагчид, урлаг сонирхогчид түүний уран зургийг худалдан авах болсон байна. Ротко нэр алдартай болох тусмаа улам ганцаардмал байдалд орж, өөрийнх нь урлагийн бүтээлүүд ийнхүү худалдагдаж байгаа нь жинхэнэ үнэн чанараа алдаж буй мэтээр өөрт нь бодогдох болжээ.

Америктаа ихэд алдартай болсон Ротко нь 1968 онд хөнгөн чанарын аневризм хэмээх өвчтэй болох нь тогтоогджээ. Энэхүү өвчин нь судасны эдийн сулрал бөгөөд аажмаар титэм судас булцайсаар хэзээ ч хагарч үхэлд хүргэж болох өвчин ажээ. Гэвч Ротко эмч нарын зөвлөгөөг үл даган архи уун, тамхи татсаар байсан юм. Удалгүй эхнэртэйгээ тааруу харилцаатай байсан тул салсан байна. Марк Ротко 1970 оны 2 сарын 25-нд галт тогооныхоо угаалтуур дээр сахлын тонгорогоор хоёр гарын судсаа ханаж амиа егүүтгэсэн билээ.

Михайл Афанасьевич Булгаков (1891-1940)


Михайл Булгаков бол Оросын зохиолч, жүжгийн зохиолч, сэтгүүлч юм. Түүний хамгийн том бүтээл нь “Мастер Маргарита хоёр” хэмээн тооцогддог. Энэхүү романыг нь 20 зууны Оросын томоохон романуудын нэг гэж үздэг. Булгаковын “Нохойн зүрхтэн”, 1925 онд хэвлэгдсэн богино өгүүллэгийн түүвэр “Дьяволиада” ч мөн нөлөөтэй бүтээлүүд юм.

Михайл Булгаков Украйны Киевт Киевийн Шашин Судлалын Академийн шашин судлаач профессор Афанасый Булгаковын том хүү болон мэндэлжээ. Киевийн гимназид 1901-1904 оны хооронд суралцаж байхдаа Михайл Булгаков Оросын болон барууны сонгодог утга зохиолд сонирхолтой болжээ. Тэр 1909 онд Киевийн их сургуулийн анагаах ухааны ангид элсэн орж, Санкт Владимирын их сургуульд докторын зэргээ хамгаалж 1916 онд төгсжээ.

1913 онд Булгаков эхний эхнэр Татьяна Николаевна Лаппатай гэрлэсэн байна. 1916 онд тэрээр Улаан загалмайн байгууллагад сайн дураар элсэн орж 1918 оныг хүртэл Смоленскийн эмнэлэгт эмчээр ажилласан байна. Тэрээр энэ үеийнхээ туршлагыг “Записки юного врача” буюу “Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх зохиолдоо сүүлд дурдаж өгсөн байдаг.

Үр бүтээлт он жилүүд

1918-1928

Булгаков 1918 онд эргэж Киевтээ ирсэн боловч Цагаан армид татагдаж коммунист Улаан армийн эсрэг тулалдах болжээ. Тэр Украйны ардын армид хэсэг хугацаанд мөн алба хаажээ. Түүний дүү нар энэ үед Цагаан армид алба хааж байсан юм. Хувьсгал гарч иргэний дайн өрнөх үед Булгаковын дүү нар Парис руу дүрвэсэн байна. Цагаан Армийн эмчээр ажиллаж байсан Булгаков Кавказад байх үедээ сэтгүүлчээр ажиллаж үзжээ.

Хойд Кавказаас гэр рүүгээ харьж байх замдаа галт тэргэн дотор шөнөжингөө өөрийн анхны богино хэмжээний өгүүллэгийг бичсэн гэдэг. Галт тэрэг зогсоход тэр бичсэн өгүүллэгээ сонины газарт өгсөн нь тэр дороо хэвлэгдсэн байна.

1918-1919 оны хооронд Булгаков Киевийн төв эмнэлэгт ажилласан бөгөөд энэ үед нь Киевийг Германчууд эзлэн авч, дараа нь Зөвлөлтийн улаан армийнхан түрж орж ирсэн байна. Дайны цаг үед Булгаков морфин хэрэглэсээр түүндээ донтсон гэдэг. Гэхдээ эхнэрийнхээ тусламжтайгаар энэхүү зуршлаасаа гарч чаджээ. 1920 онд Булгаков эмчийн мэргэжлээ орхиж Моксва руу нүүж очин зохиолуудаа эрчимтэй бичиж эхэлсэн байна.

Тэрээр 1921 онд Москва руу нүүж очин Боловсролын Адын Комиссариатын утга зохиолын хэлтэст ажиллаж хэд хэдэн тооны сонинд сэтгүүлч хийж байсан байна. Түүний өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэн бичсэн “Белая гвардия” хэмээх зохиолоо бичжээ. Энэ зохиолд 1914-өөс 1921 оны хоорондын үймээн самуунт жилүүд Украйны гэр бүлд хэрхэн нөлөөлсөн талаар өгүүлнэ. Энэхүү романы эхний хоёр хэсэг “Россия” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд гурав дахь хэсэг нь хэвлэгдэхээс өмнө сэтгүүл хаагджээ. 1924 онд Булгаков Татьяанагаас салж Льюбов Евгенеевна Белозерскаяатай гэрлэсэн байна.

1920-иод онд Булгаков Английн зөгнөлт зохиолч Герберт Уэллсийн зохиолуудад татагдаж 1924 онд “Үхлийн өндөгнүүд” (Роковые яйца), 1925 онд “Нохойн зүрхтэн” (Собачье сердце) хэмээх хоёр зөгнөлт зохиол бичжээ.

“Үхлийн өндөгнүүд” зохиолд өндөгний бойжилтийг судалдаг профессор Персиков амьд организмын өсөлтийг хурдасгадаг улаан туяаг нээсэн тухай гарна. Энэхэн үед нь Зөвлөлтийн тахианы аж ахуй даяар өвчин тархаж ихэнхийг нь үхүүлсэн байдаг билээ. Нөхцөл байдлаас болоод Зөвлөлтийн дээд албан тушаалтнууд улаан туяаг тахиа үржүүлгийн фермд ашиглахыг зөвшөөрнө. Энэ үед ачаа тээврийн будлианаас болоод профессор Персиковт фермд очих ёстой байсан шинэ тахианы өндөгнүүд очиж фермд харин профессорт очих байсан тэмээн хяруул, матар, могойн өндөгнүүд очдог билээ. Энэхүү өндөгнүүдийг ферм дээр ялаан туяагаар үйлчлүүлсэнээс болж маш том мангасууд өндөгнөөс гарч фермийн ихэнх ажилчдыг алж орхино. Зохиолын эцэст ямар ч буруугүй профессор Персиковыг засгийн газар санаатайгаар хор хөнөөлт зүйл сэдэж олсон гэж буруутгадаг билээ. Энэхүү романаас эхлэн Булгаковыг Зөвлөлт засгийн эсрэг сэдэлт зохиолч гэж үзэх болжээ.

1925 оноос эхлэн Булгаковын амьдрал Москвагийн Урлагийн Театртай холбогджээ. Түүний бичсэн олон жүжгүүд нь хүмүүсийн анхааралд өртөж, зохиолчийг Москва даяар алдаршуулсан юм. Булгаковын далд байдлаар Зөвлөлт засгийн системийг шүүмжилсэн байдлыг дээд албан тушаалтнууд анзааралгүй өнгөрөөгүй юм. Түүний 1925 онд бичигдсэн “Нохойн зүрхтэн” зохиолыг хэвлэгдэх боломжгүй хэмээн хорьсон байна. Энэхүү зохиол нь шинжлэх ухааны зөгнөлт зохиол маягаар бичигдсэн ч Зөвлөлтийн тоталитари системийг цаанаа шүүмжилсэн байдаг билээ.

Түүний “Дьяволиада” хэмээх зохиолд ч мөн адил нэгэн албан тушаалтан хүнд сурталд автагдан, эцэстээ өөрийнхөө амийг алддаг тухай гардаг ажээ. “Похождения Чичикова” хэмээх зохиолд Гоголийн “Үхмэл албатууд” зохиолын гол баатар 1921-1927 оны Зөвлөлтийн шинэ эдийн засгийн бодлогын үед ирсэн байгааг дүрсэлдэг юм.

1928 онд Булгаковын гурван жүжиг Москвагийн театруудаар тоглогдож байлаа. Эдгээр жүжгүүд нь “Зояагийн байр”, “Нил ягаан арал”, “Турбины цаг үе” байлаа. Сүүлчийн жүжиг нь “Цагаан Гвард” романых нь театрчилсан хэлбэр юм. Энэ жүжиг нь зохиолчид нэр алдар авчирч шинэ үеийнхний “Шинэ цахлай” болсон юм. Гэхдээ социалист үзэл сурталтай шүүмжлэгчид үүнийг цагаантны цэргүүдийг бага зэргийн энэрэнгүй байр сууринаас дүрсэлсэнд дургүйцлээ илрэхийлж байлаа. Үнэн хэрэгтээ Михайл Булгаков тэднийг бодит үнэнд аль болох ойр дүрслэхийг оролдсон юм. Сонирхолтой нь энэ жүжиг Зөвлөлтийн удирдагч Иозеф Сталины дуртай жүжгүүдийн нэг байсан гэдэг. 1928 онд Булгаков Москвагийн Урлагийн Театрыг үүсгэн байгуулагчдын нэг, дарга Константин Станиславксийтай маргалдсанаас болж тэр театрын харъяаллаасаа татгалзсан байна.

Байгалийн ер бусын зүйлс, зөгнөл, нууц битүүлэг зүйлс үргэлж Булгаковын сонирхлыг татаж байсан юм. Түүний зохиолуудад ид шид, зөгнөл олонтаа тохиолддог тул зөвлөлтийн тэр үеийн “шаардлагад” нийцэхгүй байсан юм.

1929-1940

“Турбины цаг үе” жүжгийг 1929 онд тоглохыг хорьж, 1932 онд хориог тавьсан ч ердөө 1955 онд хэвлэгдсэн юм. 1930-аад онд Булгаковын жүжгүүд маш цөөн удаа хэвлэгдсэн юм. Түүний жүжгүүд болох “Зояагийн байр”, “Нил ягаан арал” хоёр хориглогдож, 1928 онд бичсэн “Нислэг” жүжиг нь тавигдахаасаа өмнө хориглогдсон юм. Энэхүү жүжигт Оросыг орхин явж буй Цагаантны оргодлуудын тухай гардаг ажээ. 1929 онд Булгаков Максим Горкийд бичсэн захидалдаа ийнхүү өгүүлжээ:

“Миний бүх жүжгүүд хоригдов. Миний бичсэн нэг мөр ч хэвлэгдэхгүй байна. Надад бичэх хүсэл төрөхөө болилоо. Би нэг копекийн ч орлогогүй боллоо. Ямар ч байгууллага, ямар ч хүн намайг ажилд авахыг хүсэхгүй байна.”

Тэрээр Зөвлөлтийн засгийн газарт буюу нэг ёсондоо Сталинд хандан өөр оронд цагаачлах эрхийг гуйсан захидлыг бичсэн байна. Үүний дараа Сталин өөрийн биеэр түүн рүү утасдаж үнэхээр Орос орныг орхихыг хүсэж байгаа эсэхий нь асуухад зохиолч маань эх орноосоо өөр оронд амьдарч чадахгүй гэж хариулсан гэдэг. Булгаков өөрөө ч энэхүү захиагаа ухаан самуурснаас болж бичсэн ба захиаг хэзээ ч илгээхийг хүсээгүй байсан тухайгаа өөрийн намтартаа дурдсан байдаг. Удалгүй түүнийг Москвагийн Урлагийн Театрт ассистант найруулагчаар ажилд авахаар болсныг мэдэгджээ. Тэр ажилд ороод сонгодог жүжгүүдийг өөрийн найруулгаар тавьж эхэлсэн байна. Энэхүү найруулгадаа тэрээр Мейерхольдийн системтэй бага зэрэг төстэй арга барилаар жүжигчдээ бэлтгэлд оруулж өгсөн байна.

1932 онд Елена Сергеевна Шиловскаяатай гэрлэжээ. Шиловскаяа “Мастер, Маргарита хоёр” зохиолоо бичихэд нь их тус дэм өгч, түүнийг амьдралын сүүлийн жилүүдэд нь асрамжилж байсан юм. Түүний “Мастер Маргарита хоёр” зохиолын Маргаритагийн дүр нь түүний эхнэр Елена Шиловскаяатай олон талаараа адил юм.

Булгаков “Мастер Маргарита хоёр” зохиол дээрээ ажиллахын хажуугаар жүжиг бичиж, шүүмж өгүүллэгүүд болон богино хэмжээний өгүүллэгүүд бичиж, хэд хэдэн романы орчуулга, зарим романы драматург хийж байсан ч аль нь ч хэвлэгдээгүй юм.

1930-аад оны сүүлчээр тэр сонгодог урлагийн Большой Театрт либреттист болон зөвлөгчөөр ажилласан байна. Хэдийгээр Сталины түүнд сайн хандаж байсан явдал нь түүнийг баривчлагдахаас сэргийлж байсан боловч түүний зохиолууд амьд ахуйд нь дахин хэвлэгдээгүй юм.

Түүний “Кабалын хоёр нүүртнүүд” (Кабала святош) буюу “Мольер” хэмээх нэрээр анх 1929 онд тавигдсан жүжгийн нэг хэсэгт XIV Льюдовик хаан ийнхүү хэлдэг:

“Сонсоцгоо, миний зохиолчийг дарамталж байна. Тэр айжээ. Түүнд ямар нэг муу зүйл тохиолдох гэж байгааг сануулсан хүнд би сайн хандах болно... Хоригийг цуцаллаа. Та “Тартюф”-аа тавьж болно.”

Тэрээр ямар ч жүжиг тавиулах эрхгүй болсон үедээ хүртэл 1930-аад оны Москвад Догшин Иван айлчилж байгаа тухай жүжиг бичсэнийг нь Сталины тушаалаар тоглохыг хоригложээ. Булгаковын “Сүүлчийн өдрүүд” хэмээх жүжиг нь түүнийг нас барсны дараа 1943 онд “Пушкин” нэртэйгээр тавигджээ.

Тэр “Мастер Маргарита хоёр” зохиол дээрээ нийт 12 жил ажилласан гэдэг. “Мастер, Маргарита хоёр” роман хэвлэгдсэний дараа Булгаковыг Василий Аксенов, Андрей Синиавский, Стругатскийн ах дүүсийн уран зохиолууд болон Николай Гоголь, Фёдор Достоевскийн бичлэгийн хэв маяг уламжлал хоёрын хоорондын холбоос болж өгсөн хэмээн үзэх болжээ. Тэр “Мастер Маргарита хоёр” зохиолоо нийт 8 хувилбараар туурвисан юм.

Тэрээр амьдралынхаа эцсийн өдрүүдэд буюу нефросклероз өвчнөөр шаналан орон дээрээ хэвтэж байхдаа хүртэл “Мастер Маргарита” хоёр зохиол дээрээ засалт хийж байжээ.

Булгаков 1940 оны гуравдугаар сарын 10-нд Москвад нефросклероз буюу удамшлын бөөрний дутагдлын өвчнөөр нас барах үедээ “Хар Цас” хэмээх театрын роман дээр ажиллаж байсан бөгөөд “Мастер Маргарита хоёр” зохиолдоо өөрчлөлт оруулсаар байсан юм. Энэ өвчнөөр мөн эцэг нь нас барсан юм. Михайл Булгаковыг Москвагийн Новодевичый хэмээх оршуулгын газарт оршуулжээ.

Тэр нас барах үедээ Зөвлөлтийн албан тушаалтнуудын гарт гар бичмэл нь орвол шууд устгагдана гэдгийг мэдэж байсан тул тэрээр эхнэрээ “Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг нуухыг гуйсан байна.

Булгаковыг нас барснаас хойш түүний зохиолуудыг Зөвлөлт улсын нийгэмд харш гэж тооцож байсан бөгөөд түүний бүх зохиолууд Орост ердөө 1980-аад оны сүүлч гэхэд л хэвлэгдэж дууссан юм. 1982 онд Зөвлөлтийн астрономич эмэгтэй Льюдмила Карачкина нээсэн жижиг хэмжээний гаригаа “3469 Булгаков” гэж нэрлэсэн байна. Мөн дэлхийд алдартай Энэтхэгийн зохиолч Салман Рушди өөрийн алдарт зохиол “Чөтгөрийн шүлэгс” зохиолоо бичихэд нь “Мастер Маргарита хоёр” роман нөлөөлсөн гэдгээ дурдсан байдаг. Киев дахь түүний гэрийг “Михайл Булгаковын Музей” болгосон байдаг ба зохиолчын эдэлж хэрэглэж байсан зүйлс, зохиолуудынх нь талаарх мэдээллийг өгдөг ажээ. Энэхүү музейд “Мастер Маргарита хоёр” зохиолын талаар мэдээлэл нилээн их байдаг ба хааяа музейгээр хар муур явж буй нь үзэгддэг ажээ.

Мастер Маргарита хоёр (1940)

Энэхүү роман нь реализм, ид шид, урлаг, шашин, түүхэн болон зөвлөлтийн цаг үеийн нийгмийн чиг хандлага, үнэлэмжийг өөртөө агуулсан шилдэг роман юм. Арван есдүгээр зууны Оросын сонгодог уран зохиолын үр бүтээлийн оргил үе байсан бол хорьдугаар зуунд Зөвлөлт засаг тогтон хэвлэл зохиолын эрх чөлөөг хяхан боогдуулснаар олигтой романууд төрөн гарах нөхцөл хаагдаад байсан ч Михайл Булгаков нууцаар өөрийн “Мастер Маргарита хоёр” зохиолоо бичсэн нь түүнийг нас барснаас 27 жилийн дараа хэвлэгдсэн юм. Тэр даруйд нь англи орчуулга нь баруунд гарч урьд өмнө нь барууны утга зохиолын ертөнцөд бараг мэдэгдээгүй байсан зохиолч алдаршиж эхэлсэн юм.

Булгаковын энэхүү роман нь Зөвлөлтийн үеийн хамгийн шилдэг, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гоц гойд роман болж чадсан юм.

Романд гурван өөр газар болж буй үйл явдлыг харуулна. Үндсэн үйл явдал 1930-аад оны Москвад өрнөнө. Профессор Воланд нэрээр чөтгөр Москвагийн гудамжаар Ариун долоо хоногийн үеэр өөрийн дөрвөн туслахтайгаа хамтран өөрсдийн замд таарсан хүмүүст хар шидийг хэрэглэж явдаг билээ. Нөгөө нэг үйл явдал галзуугийн эмнэлэгт өрнөх бөгөөд энд Мастер, Маргарита хоёрын талаар гарна. Гурав дахь үйл явдал нь Мастерийн бичсэн роман маягаар тавигдаж байгаа Иешуа га-Ноцри (Назаретийн Есүс Христ) болон Понтий Пилатын талаар өгүүлнэ. Москвагийн талаар өгүүлэхдээ Булгаков фантаз, уран шийдлийг ашиглан Сталины үеийн зөвлөлт холбоот улсыг егөөдөж байгаа нь энэ романы нэг онцлог юм. Гэтэл Орос орны байдалтай эсрэгцэн тавигдаж буй библийн гэмээр гурав дахь үйл явдал маш реалист байдлаар бичигдсэн байдаг.

Зохиолын өрнөлийн нэгэн чухал элемент нь Мастерийн шатсан гар бичмэл дээр тулгуурласан байдаг. Булгаков 1930 оны гуравдугаар сард түүний “Кабалын хоёр нүүртнүүд” жүжиг нь тоглогдохоос хориглогдсоныг мэдээд эхний гар бичмэлээ зууханд шатаагаад хаячихсан гэдэг. Булгаков 1931 онд романаа дахин бичиж эхэлжээ. 1935 онд Булгаков Спасын ордны Хаврын фестивальд оролцсон гэдэг. Эндээс тэр өөрийн романдаа үдэшлэгний хэсгийг нэмэх санаа төржээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дуусжээ. Энэ гар бичмэлд үндсэн үйл явдлууд бүгд орж өгсөн байлаа. 1937 онд гурав дахь хувилбар бэлэн болжээ. Тэр 4 дэх хувилбар дээрээ ажиллаж байгаад 1940 онд нас барсан юм. Энэ хувилбарыг эхнэр нь 1941 он гэхэд гүйцээн бичиж дуусгасан байна.

“Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг түүний эхнэр Елена Шиловскаяа хэвлэлтэд өгөлгүй нуусаар Хрущевийн засгийн газар гарч ирсэн үед боломж олдон хэвлүүлсэн юм. “Мастер Маргарита хоёр” романаа Булгаков үнэндээ 1928 оноос бичиж эхэлсэн юм. Анх 1966 онд “Мастер Маргарита хоёр” зохиол “Москва” сэтгүүлд цуврал болон хэвлэгдсэн юм. Гэхдээ энэ нь хорио тавьсан хувилбар байсан юм. Учир нь энэ нь романы текстийн 12 хувийг хасаж, өөрчлөлт оруулсан хувилбар байсан юм.

1967 онд Франкфуртийн Посев хэвлэлийн газар гар бичмэлээс ямар нэг хэсгийг хасалгүйгээр бүрэн ном хэлбэрээр романыг хэвлэсэн байна. Харин Орост роман бүрэн эхээрээ “Художественный литература” компанид Анна Саакианцийн бэлдсэн байдлаар 1973 онд анх хэвлэгдсэн юм. Эцсийн бүрэн хувилбарыг 1989 онд Лидия Яновскаяагийн бүх боломжит гар бичмэлүүдээс нэгтгэн бэлдсэн байдлаар хэвлэжээ.

Энэхүү роман нь гарсан даруйдаа олон уншигчдийг татаж улмаар орос хэлэнд хэлц болсон олон хэллэгүүд энэ романаас эхлэлтэй байдаг. Жишээ нь “гар бичмэлүүд хэзээ ч шатдаггүй” (рукописи не горят), “хоёрдугаар зэргийн шинэхэн байдал” гэх мэт.

Энэхүү романаа бичихэд Булгаковт Германы аугаа найрагч Вольфганг Гётегийн “Фауст” зохиолын эхний хэсэг ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Мөн Николай Гоголийн зохиолууд нилээн нөлөө үзүүлжээ. Харин Иешуа га-Ноцрийн тухай хэсгийг Фёдор Достоевскийн “Ах дүү Карамзовынхан” зохиол дээрх ёгт үлгэрээс сэдэвлэсэн гэдэг. Харин чөтгөр хүмүүсийн нийгэмд дүрээ хувирган айлчилж буй санааг Булгаков Луйс Велез де Гевара хэмээх зохиолчийн 1641 онд бичсэн “Зэрэмдэг чөтгөр” гэдэг зохиолоос олж авсан байж болох юм гэж үздэг.

“Мастер Маргарита хоёр” роман Москвагийн гудамжинд шүүмжлэгч, яруу найрагч хоёрын хоорондын Есүс Христ, чөтгөр байдаг эсэх дээр маргалдаж байх үед чөтгөр тэдэн дээр айлчилж байгаагаар эхэлдэг.

Үйл явдал

Лхагва гариг

Утга зохиолын шүүмжлэгч Михайл Александрович Берлиоз, Бездомный (гэр оронгүй хүн) ч гэж дуудагддаг яруу найрагч Иван Николаевич Понирьёв нар Москвагийн гудамжинд уулзана. Берлиоз яруу найрагчид шүлэг бичихийг санал болгосон байсан бөгөөд энэ өдөр түүнтэй уулзсаны шалтгаан нь тэрээр Иван Бездомныйг шүлэгтээ Есүсийг хэтэрхий үнэмшилтэйгээр дүрсэлсэн тул шүлгээ дахин бичихийг шаарддаг юм. Гэнэт профессор Воланд гэж өөрийгөө танилцуулсан маш нууцлаг нэгэн Есүс үнэхээр байсан гэдгийг тэдэнд хэлдэг юм. Тэр тэдэнд Понтий Пилатын талаарх түүхийг ярьж эхэлсэн ч Берлиозыг орой болохоос өмнөхөн толгойгоо тасдуулна гэдгийг хэлээд явж оддог билээ.

Үйл явдал Ершалайм руу буюу Иерусалим руу шилжинэ. Иешуагийн хэргийг Понтий Пилат сонсож зогсоно. Иешуа нь хүмүүсийг сүм хийдийг шатаахад уриалан дуудсан, Тибери хааныг унагах санаатай байгаа хэргээр буруутгагдсан байна. Пилат түүнийг эрүүдэхийг оролдсон ч эцэст нь Иешуад алах ял оноодог билээ.

Москвад Берлиоз үнэхээр трамвайнд орой нь толгойгоо тасдуулдаг билээ. Иван Берлиозыг алуулсны дараа Воланд болон түүний бүлгэмийнхэн болох маш муухай хувцасласан зарц, хуучин хор дууны удирдаач байсан гэх Коровьев буюу Фаготто болон том биетэй, гай тарих дуртай, буу гарамгай эзэмшсэн хар муур Бегемотыг хөөдөг билээ

Энэхүү үзсэн харснаа Иван цагдаа нарт хэлж итгүүлэхийг оролдсон ч галзуугийн эмнэлэг рүү ачигдахад хүрдэг билээ.

Пүрэв гариг

Вариети Театрийн захирал Стиофа Лиходьев өглөө гэртээ сэрэхэд нь Воланд түүнийг хүлээж байна. Воланд Лиходьевт долоон хар шидийн тоглолт хийхийг зөвшөөрсөнд нь талархалаа илэрхийлнэ. Лиходьев тийм гэрээ хийснээ санахгүй байлаа. Гэхдээ гэрээн дээр Лиходьевийн гарын үсэг дүрээрээ байж байх нь тэр. Воланд гэрээг хуурамчаар үйлдсэн мэт сэтгэгдэл түүнд төрнө. Лиходьев удалгүй түүнийг театртаа тоглуулах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарна. Воланд өөрийн багийнхнаа түүнд танилцуулна. Бегемот, Коровьев, ганц соёот Азазелийг танилцуулах бөгөөд 50 номерийн өрөөнд байрлах хүсэлтийг тавьдаг билээ.

Энэхүү 50 номерийн өрөө нь ёр шүглэсэн өрөө гэдгээрээ алдартай юм. Учир нь энд өрөөнд оршин суугчид хэсэг хугацааны дараа алга болдог юм. Удалгүй Стиофа өөрийгөө Ялта хотод гэнэт ирсэнээ мэднэ. Иван Савельевич Варенуха гэдэг нь Вариети Театрын менежер бөгөөд гадаад мөнгө нуун дарагдуулж байсан хэргээр яллагдаж цагдаа нарт баригдаж явна. Иван Савельевич Варенуха нь Стиофаг олохыг хичээж байсан юм. Учир нь тэр байн байн Ялтаас түүн рүү телеграм явуулж байсан билээ. Иван Варенухад Воландыг чөтгөр гэдэг сэжиг төрж түүнийгээ батлахаар хичээх ажээ. Үүнээс сэргийлэхийн тулд Варенуха Гелла хэмээх тамын нэгэн эм шуламыг түүн рүү илгээх агаад тэр нь Иван Варенухаг вампир болгон хувиргана.

Вариетийн театрт Воланд өөрийн багийнхантайгаа хар шидийн тоглолтоо хийнэ. Энэ үед нь хөгжмийн удирдаачын толгой таслагдаж, үзэгчид дээрээс мөнгөн бороо орно. Гэвч удалгүй эдгээр мөнгө нь элдэв хачин зүйлс болон хувирна. Жишээ нь муур болон хувирсан мөнгө хүмүүс рүү дайрна.

Галзуугийн эмнэлэгт Иван романы гол баатар мастертай нэг өрөөнд орсон байна. Тэр урьд өдөр юу болсныг Мастерт бүгдийг ярихад Мастер Воланд бол чөтгөр гэдгийг баталж өгнө. Мастер дараа нь өөрийн амьдралыг Иванд ярина. Тэрээр зохиолч бөгөөд эхнэртэй билээ. Гэвч тэр өөрийн нууц эхнэр буюу нөхөртэй бүсгүй Маргаритад хайртай гэдгээ түүнд хэлнэ.

Мастерийн зохиол дээр гарах Понтий Пилатын түүх нь Мастер, Маргарита хоёрын толгойноос үл гарах болжээ. Энэхүү зохиолоо Мастер хэвлэлтэд өгөхийг оролдсон боловч хорио тавьсан тул Мастер галзуурч гар бичмэлээ шатаасан ажээ.

Удалгүй Иван Понтий Пилатын түүхийн нэг хэсгийг зүүдэлдэг ажээ. Энэхүү зүүдэнд шийтгэгдсэн хүмүүс цовдлуулахыг Леви Матвей харж тэдний өмнөөс өөрийгөө буруутай гэж бодон гэмшинэ. Тэр хэсэг хугацааны дараа уурлаж бурханыг зүхдэг билээ. Шуурга болох үед харгалзагч цэргүүд хүнлэг байдал гарган цовдлогсодыг ус өгөх нэрийдлээр хутгалж алах болно.

Баасан гариг

Воланд болон түүний бүлгийнхэн Москвад эмх замбараагүй байдал гаргасаар байна. Энэ үед Маргарита өөрийн хайрт Мастерийн талаар бодож Мастерийн романы үлдсэн хэсгийг уншина. Тэр дараа нь парк руу очиж Берлиозын оршуулга болж байгааг мэдэж авахаас гадна ганц соёот Азазеллотой уулзана. Азазелло Маргаритаг Воландтай уулзуулж өгдөг билээ. Воланд түүнд крем өгөөд энэ нь сэтгэлийг чинь тайвшруулах болно гэж хэлдэг билээ. Гэвч Маргарита заасан ёсоор нь бүх хувцсаа тайлаад кремээ биендээ түрхвэл тэрээр сэтгэл дотроо шулам болон хувирна. Азазелло түүнтэй холбоо барьж түүнийг Воландтай уулзахын тулд Москва гол дээгүүр нисэж ир гэж хэлнэ.

Маргарита Москва хот дээгүүр нүцгэн хэвээр нисэж байхдаа шүүмжлэгч Латунскийн байрыг хараад шатааж орхино. Учир нь Латунский Мастерийн романыг хориглоход гол нөлөө үзүүлсэн юм. Хөрш айлын эр Николай Иванович одоо гахай болон хувирсан байгаа бөгөөд түүний зарц бүсгүй Наташа өөрийгөө нүцгэлэн кремийг биен дээрээ түрхэж мөн шулам болон хувирна.

Тэд Воланд болон түүний дагалдагчидтай Чөтгөрийн үдэшлэгт очино. Маргарита үдэшлэгийн хатагтай болсон байна. Үдэшлэгийн үед бүх нүгэлт хүмүүсийн сүнс парад хийж үдэшлэгийн үед Барон Майгел алагдах болно. Маргарита хундагатай цус уугаад нүдээ аниад нээхэд үдэшлэг дууссаныг мэдэх болно. Тэр Воландаас өөрийн хайрт Мастертайгаа уулзуулж өгөхийг хүснэ.

Маргарита Мастер дээр очиход Мастер эхлээд итгэж өгөөгүй ч хайртыгаа ирсэнд ихэд баярлах болно. Хэдийгээр Мастер бүхий л романаа шатаасан ч гэсэн Воландад бүтэн эх нь байдаг билээ. Үүнийгээ тэрээр Мастерт өгнө. Тэрээр дараа нь Николай Иванович, Мастер, Маргарита, Варенуха зэргийг өөрсдйинх нь хүсэлтээр эргэж хэвэнд нь оруулдаг юм. Харин Наташа шулам хэвээрээ үлдэхийг сонгоно.

Понтий Пилатын түүх Пилат нууц цагдаагийн бүлэг Афраниустай уулзсанаар үргэлжилнэ. Тэр Иешуаг илчилж өгсөн Кериотын Иудасыг алах хэрэгтэй гэж хэлэх бөгөөд удсан ч үгүй түүнийг хотын гаднахан хүмүүс отож байгаад алсан байдаг. Гэмтнүүдийг булж байх зуур Афраниус Кериотыг аллагыг Пилатад мэдээлнэ. Пилат дараа нь цовдлогооны дараа Иешуагийн биеийг авч яваад баригдсан Левитэй ярилцаж байх зуураа өөрийгөө Кериотыг алуулсан гэдгийг илчилнэ.

Бямба гариг

Воланд болон тэдний хачирхалтай бүлгэмийнхний дэгдээсэн үймээн самууныг мөрдөх ажил эхэлнэ. Харин Иваны нүдэнд Пилат болон Иешуа болон бусад хүмүүс цовдлогдсон нүцгэн толгой харагдсаар л байх болно.

Энэ үеэр 50 номерын өрөөнд Бегемот болон цагдаа нарын дунд буудалцаан болсон ч хачирхалтай нь хэн ч суманд оногдохгүй. Харин үүний оронд барилга тэр чигтээ шатаж эхэлнэ. Бегемот болон Коровьев хоёр олон газруудаар явж хэрэг төвөг тарьж явах бөгөөд тэдний байсан газарт гал гарч Москвагийн ихэнх хэсэг галд автана.

Леви Иешуагийн захидлыг Воландад авчирч өгнө. Тэр Мастерт амгалан тайван байдал олгохыг Воландаас хүснэ. Воланд зөвшөөрч түүний дагалдан Азазелло Мастер, Маргарита хоёрт хортой дарсыг өгнө. Мастер, Маргарита хоёр үхэж биенээсээ гаран нисэцгээсээр эцэст нь нохойтой өвгөн дээр ирнэ. Воланд Мастерт энэ өвгөн бол түүний өөрийнх нь романы баатар Понтий Пилат болохыг хэлнэ. Тэр Понтий Пилатыг энэ сандал дээр Банга хэмээх нохойтойгоо хамт 2000 жил сууж байгааг мөн хэлдэг. Воланд Мастерт Понтий Пилатыг мөнхийн нойргүй суугаа байдлаас чөлөөлөх эрхийг олгох бөгөөд Мастер өөрийн романы хамгийн сүүлчийн өгүүлбэрийг буюу “Чөлөөлөгд! Чөлөөлөгд! Тэр чамайг хүлээж байгаа” гэсэн өгүүлбэрийг хашгирахад Пилат, түүний нохой хоёр хөдөлгөөнгүй байдлаасаа салж Иешуатай уулздаг билээ. Мастер, Маргарита хоёр гэгээрэлд хүрээгүй ч гэсэн тэднийг жижиг байшинд үүрд хамт амьдрах эрхийг олгоно.

Дүрүүд

Азазелло

Азазелло нь Воландын бүлгэм дотроос хамгийн муухай санаатай, хор хөнөөлт гишүүн нь юм. Тэр бусадтайгаа адил тоглоом тохуу хийхгүйгэр шууд хүмүүс рүү дайрдаг юм. Тэр бол намхан, өргөн цээжтэй, улаан үстэй, бүрх малгайтай юм. Түүний нүүр царай нь маш үрчгэр бөгөөд амнаас нь нэг соёо цухуйж явдаг ажээ. Воландын Маргаритатай очиж ярилцах тушаалыг тэр дурамжхан биелүүлэх ба эмэгтэйчүүдтэй сайн харьцаж чаддаггүй юм. Сүүлийн хэсэгт түүний жинхэнэ дүрийг “Усгүй цөлийн чөтгөр” гэж тодорхойлдог.

Коровьев

Воландын бүлгэмийн гишүүн Коровьев буюу Фаготто нь Воландын орчуулагч гэсэн нэрэн дор явдаг юм. Тэр нүдний шил, муухай хувцастайгаар дүрслэгддэг. Фагот гэдэг нь Орос хэлний үелэх бишгүүр гэсэн үг юм. Воланд болон түүний бүлгэмийнхэн Моксваг орхиж явахад бэлдэж байхад тэр өөрийгөө доод зиндааны салбадай биш харин буруу хошигнол хийчихсэн учраас Воландад зүтгэхээр шийтгэгдсэн хөлөг баатар гэдгийгээ илчилдэг. Тэр хор дууны удирдаач байсан гэдэг нь цаагуураа диваажингийн хорын гишүүн байсан гэсэн санааг илтгэж байгаа юм.

Стефан Богданович Лиходьев

Вариети Театрын захирал урьд шөнө нь архи ууж байгаад өглөө босоход өрөөнд нь Воланд өөрийнх нь гарын үсэгтэй гэрээг барьсан хүлээж байдаг.

Маргарита Николаевна

Маргарита Николаевна бол Мастер хэмээгдэх зохиолчийн нууц эхнэр юм. Мастер өнгөрсөн үед романыхаа хориглогдсон байдалд сэтгэлээр унаж байхад нь асарж, урам өгч байсан юм. Мастер сугалаагаар хожсон бүх мөнгөө түүнд өгдөг юм. Маргарита Воландын өгсөн үл үзэдүүлэгч, нисдэг чадварыг олгогч кремийг түрхэж шулам болдог билээ. Воланд түүнийг үдэшлэгийн хатагтайгийн үүргийг гүйцэтгэхийг хүсдэг ба тэр үүнийхээ төлөө нэг хүслээ биелүүлэх эрхтэй болдог. Маргарита урьд нь үхсэн гэж боддог байсан Мастертайгаа уулзуулж өгөхийг түүнээс гуйдаг билээ.

Түүнийг Булгаков яагаад Маргарита хэмээн нэрлэсэн нь Фаустын Гретченээс санаа авсан бололтой байдаг. Гречтений жинхэнэ нэр нь Маргарита буюу Маргьюрит де Валуа байсан юм. Булгаковын дуртай дууриудын нэг Жиакомо Мейербеерийн “Гугенотууд” (Les Huguenots) хэмээх дуурийн гол дүрийг Маргьюрит гэдэг юм. Мөн эцэг Александр Дюмагийн “Марго хатан” (La Reine Margot) хэмээх романы гол баатар ч мөн адил Маргьюрит нэртэй байсан юм. Булгаков сүүлийн хоёр эхнэрийнхээ шинж чанаруудыг оруулан Маргаритагийн дүрийг гаргаж иржээ. Түүний хоёр дахь эхнэр Льюбов нь биеийн хүчний зүйлд дуртай, зоригтой бүсгүй байсан бол сүүлчийн эхнэр Елена нь Мастерт Маргаритагийн ханддаг шиг түүний уран бүтээлт хайртай байжээ.

Мастер

Мастер бол Понтий Пилатын түүхийн талаар зохиол бичсэн зохиолч юм. Иван галзуугийн эмнэлэгт түүнтэй уулзан нэрийг нь асуухад “Надад нэр байхаа больсон” гэж хариулдаг. Мастер Иванд нэгэн цагт түүхч байснаа хэлдэг бөгөөд романы төгсгөлд Иван ч мөн түүхч болохоор шийддэг билээ. Тэр нэгэн өдөр сугалаанаас маш их мөнгө хожсон бөгөөд удалгүй Маргаритатай танилцаж тэр дороо л дурласан байна. Маргарита түүний дууссан зохиолыг хэвлүүлэх гэж хэвлэлийн газруудаар явах боловч гологддог юм. Хэдий хэвлэгдээгүй ч энэхүү романыг нь сонин дээр олон үгээр дайрч доромжлон шүүмжилж, хэвлэгдэх нь бүр мөсөн хориотой болдог ажээ. Тэр үүнд нь их уурлаж өөрийн гар бичмэлээ шатааж хаядаг билээ.

Леви Матвей

Шинэ гэрээн дэх уламжлалт домгоос ялгаатай нь Иешуа га-Ноцри буюу Назаретийн Есүс ердөө ганц л дагалдантай байдаг. Леви Матвей бол Иеушаг өөрийн ямаан арсан үүргэвчтэйгээр явсан газар болгонд нь дагаж явж түүний хэлсэн үг болгоныг цаасан дээр тэмдэглэн авдаг байжээ. Иешуагаас Понтий Пилат байцаалт хийж байх үед Иешуа Понтий Пилатад хэлэхдээ Левигийн миний үгсийг бичсэн цааснуудыг би харах үед миний хэлсэн үгс ганц ч байгаагүй ба бүгд тэс өөр үгс байсан тул би түүнээс цаасаа шатаахыг гуйсан боловч тэр зүгээр д зугтаж алга болсон гэдэг билээ.

Наташа

Маргаритагийн үйлчлэгч эмэгтэй. Маргарита өөрийн бие дээр крем түрхэж шулам болсны дараа тэр ч гэсэн өөрийн бие дээрээ кремийг түрхэж шулам болон хувирах ба шулам хэвээрээ үлдэхийг хүсдэг.

Понтий Пилат

Понтий Пилат нь энэ романд зовлонд унасан байдалтайгаар дүрслэгдэнэ. Тэр Ромын эзэнт гүрний хэсэг болсон Иерусалим хотын захирагч байсан бөгөөд зүгээр л нэг тэнэмэл гэхдээ аюулгүй хүнийг цовдолж алах ялд унагаах хэрэгтэй болдог. Цовдлолтийн дараа Пилат Иешуаг илчилж өгсөн хүн Кериотыг хамгаалах цэргүүд илгээдэг боловч романы төгсгөлд тэр өөрөө Кериотыг захиалж алуулснаа хүлээдэг. Понтий Пилат Иешуатай уулзах тэр үед түүнийг ер бус гэдгийг нь мэдсэн ба түүний амийг хэлтрүүлэх боломж бараг байгаагүйн улмаас Иешуа цовдлогдож түүнийг илчилж өгсөн хүнийг алуулдаг байна. Романы төгсгөлд Пилат Иешуатай уулзан нэгддэг.

Иван Николаевич Понирьёв

Иван Николаевич Понирьёв бол 23 настай залуу яруу найрагч юм. Түүний зохиолоо бичдэг нэр нь Бездонмый бөгөөд Оросоор “гэр оронгүй хүн” гэсэн утгатай юм. Энэ дүр романы эхний хэсэгт гарах ба романы дунд болон төгсгөл хэсэгт бага зэрэг гарж өнгөрдөг. Тэр Берлиозын толгойгоо тасдуулсны дараа Воланд болон тэдний нөхдийг хөөж яваад эцэст нь Зохиолчдын холбооны төв албан тасалгаанд дотуур өмдтэйгөө ирж хачин жигтэй харсан зүйлсээ ярьсан тул түүнийг галзуугийн эмнэлэгт аваачихад хүргэдэг билээ.

Иваны хажуу талын өрөөнд Мастер хэвтэж хоёул Стравинский эмчээр эмчлүүлдэг байсан юм. Мастер галзуугийн эмнэлгийн олон өрөөний түлхүүрийг хулгайлсан ч зугтахад явах газаргүй тул оргохгүй байгаа билээ. Мастерт олон өрөөний түлхүүр байдаг тул шөнө нь Иваны өрөөнд зочилж болдог билээ. Тэрээр Иваныг үнэхээр чөтгөртэй уулзсан байна гэдгийг хэлдэг бөгөөд өөрийн амьдралын тухай түүнд ярьж өгдөг.

Иван эмнэлгээс гарахаасаа өмнө шүлэг бичихээ болихоор шийддэг билээ. Романы гол үйл явдал болсноос нилээн хэдэн жилийн дараа романы төгсгөлд Иван түүхч болсоноор дүрслэгддэг. Гэхдээ тэр бүтэн сартай шөнө болгон хачин жигтэй зүүд зүүдэлдэг хэвээрээ үлдсэн билээ.

Григорий Данилович Римский

Воландын хар шидийн тоглолтын үеэр театрын нярав Григорий Данилович Римский дээр Варенухагийн сүнс зочлон ирдэг ч тэр галт тэрэгний буудал руу зугтаж амждаг.

Бегемот

Бегемот гэдэг нь Орос хэлний усны үхэр гэсэн үг ч гэсэн Орост дээр үед Библи дээр гардаг том мангасыг дээр үед ингэж дууддаг байжээ. Бегемот муур нь гуталт муураас санаа авсан хор хөнөөлт муур юм. Бегемот муур нь гахай шиг том биетэй гэж дүрслэгдсэн байдаг бөгөөд архи уух дуртай, шатар сайн тоглодог, буу гарамгай эзэмшсэнээр дүрслэгддэг. Тэр Садоваягийн гудамжны 302В тоотод цагдаа нарын эсрэг автомат буугаар шүршдэг боловч зуу зуун сум буудагдсан нь илт боловч хэн ч суманд оногдоогүй байсан ба дараа нь Бегемот байрыг керосен асгаж байгаад шатаадаг. Тэрээр Грибоедевийн байшнийг ч мөн адил шатаадаг.

Профессор Воланд

Номон дээр Воландыг гадаад хүн байдалтайгаар дүрсэлдэг. Тэр хорон санаатай, зальтай боловч бас ихэмсэг, өгөөмөр сэтгэлтэй мэт байдаг. Түүний энэхүү шинж чанарын эсрэгцлийг нүдний өнгөөр нь илтгэж өгсөн байдаг. Түүний зүүн нүд бүрэн эрч хүчээр дүүрэн цэнхэр, баруун талын нүд нь ямар ч зүйлийг үл илэрхийлэх, үхээнц хар өнгөтэй байдаг. Тэрээр Иешуаг Понтий Пилатын тушаалаар цовдолж байх үед байсан гэж баталдаг. Тэрээр үдэшлэг дээр өөрийн жинхэнэ дүрээ гарган чөтгөр гэдгээ хүмүүст илчилдэг. Үдэшлэгийн дараах өдөр тэр өөрийн дагалдагчдаа дагуулан явж оддог.

Михайл Александрович Берлиоз

Энэ бол Москвагийн хамгийн орчин үеийн утга зохиол, яруу найргийн сэтгүүлийн редактор хүн юм. Бас Москва дахь хамгийн тогтвортой, шилдэг зохиолдчын клуб МАССОЛИТ-ийн гишүүн юм. Романы эхний хэсэгт Берлиоз Бездомныйтой Есүс байдаг эсэх дээр маргалдаж байх даруйд Воланд яриаг нь таслан орж ирээд Есүс байсныг баталж бас түүнд өнөөдөр орой болохоос өмнө эмэгтэй хүн чиний толгойг тасдана гэж хэлдэг. Берлиоз удсан ч үгүй зам дээр хальтарч унаад трамвайнд толгойгоо тасдуулдаг билээ. Трамвайны жолооч нь энд эмэгтэй хүн байх болно. Чөтгөрийн зохион байгуулсан үдэшлэгний үеэр түүний толгойг тавган дээр авчирдаг бөгөөд тэрхүү толгой нь ухаан саруул байдаг юм. Булгаков энэ дүрдээ нэр өгөхдөө “Фаустын хорлол” хэмээх дуурийг бичсэн Францын хөгжмийн зохиол Хектор Берлиозын нэрийг ашигласан бололтой.

Никанор Иванович Босой

Түүний овог нь Оросоор “хөл нүцгэн” гэсэн утгыг илэрхийлдэг юм. Энэ нь Садоваяа гудамжны 302В өрөөний дарга юм. Энд Берлиоз, Лиходьев нар амьдардаг юм. Воландтай байгуулсан нэг жилийн гэрээний дагуу тэрээр хахууль авдаг юм. Тэр үүнийгээ гэртээ аваачаад агааржуулагч хоолойн дотор хийж орхидог билээ. Воланд цагдаа нарт түүнийг хахууль авсныг өөрөө хэлж Босой баривчлагдах болно.

Иешуа га-Ноцри

Энэхүү цовдлолтийн түүхэд Есүсийг өөр нэрээр нэрлэсэн байдаг. Түүнийг маш энгийн хүнээр дүрсэлсэн байдаг ба тийм ч зоригтой биш, тийм ч ухаалаг, гэгээрсэн биш байдаг юм. Гэхдээ тэр бусдаасаа илүү ёс суртахуунтай дүрслэгддэг. Тэр өөрийн үг яриагаараа Пилатын гайхлыг төрүүлж чаддаг ба Библ дээрх Есүстэй адил үхлээс айхгүй байдаггүй юм. Иешуа Пилатад “Дэлхий дээр ямар ч муу хүн байдаггүй” гэж хэлдэг. Тэр үнэхээр үүндээ итгэсэн байсан нь Понтий Пилатын сэтгэлийг хөдөлгөнө.

Зохиолын бүтэц

Роман маань гурван төрлийн үйл явцыг болж байгааг харуулдаг бөгөөд энд Булгазов энд уламжлалт байдлаар зохиолоо тавих байдлаа эвдсэн байгаа юм. Зохиолын бүлгэмүүд өөр өөр дүрийн ухаан санаанаас урган гарч ирж байгаа байдлаар гардаг. Жишээ нь хоёрдугаар бүлэг нь Воландын Берлиоз, Иван нарт ярьж өгч бу байдлаар тавигддаг. 16 дахь бүлэг Маргаритагийн зүүд байдаар, 25 болон 26 дугаар бүлэг нь Мастерийн романы хэсэг байдлаар гардаг.

Меннипийн хошин шог

Шүүмжлэгчид “Мастер Маргарита хоёр” зохиолыг Меннипийн шог зохиолын арга барилааар бичигдсэн гэж үздэг. Меннип гэдэг нь МЭӨ гуравдугаар зуунд амьдарч байсан гүн ухаантан, зохиолч, циник юм. Циникүүд гэдэг Синопын Диогены байгуулсан гүн ухаантнуудын сургууль юм. Тэд соё иргэншлийг хиймэл гэж үздэг байсан бөгөөд байгалийн хувьд цэвэр болоод “зөв” гэж бодсон зан араншинг үзүүлдэг байжээ. Диоген Афины гудамжаар гэгээн цагаан өдөр шударга хүн хайж байна хэмээн дэнлүү барин явдгаараа алдартай. Тэр бас гудамжинд гар хангалга хийж, шээж, хүмүүс рүү хуцдаг байлаа. Үнэндээ циник гэдэг нь Грек хэлнээс нохойтой төстэй гэсэн утгаар хэрэглэгддэг ажээ.

Циникүүд хүмүүсийн зан араншинд итгэдэггүй байсан юм. Меннипийн хошин шог зохиолууд нь шүлэглэсэн байдал, үргэлжилсэн үгийн хэлбэрийг хольсон байдаг ба хүмүүсийн харилцаа, зан араншин, нийгмийн байдлын талаар доог тохуу хийдэг байсан юм. “Мастер Маргарита хоёр”-той адилхан Меннипийн жүжигт элитүүд ч мөн шоологддог байсан юм.

Ромын зохиолч Маркус Тарентиус Варро зохиолоо бичиж эхлэхдээ энэ хэлбэр маягийг сонгосон байдаг. Тэрээр манай эриний нэгдүгээр зуунд амьдарч байсан ба Saturarum Mennipearum Libri CL (150 Менннипийн шог зохиолууд) гэдэг зохиолоо туурвисан юм. Зуун зуун өнгөрөх тусам Меннипийн хэлбэрт ёгт зохиолууд бичигдсээр байсан бөгөөд эдгээр нь ёгтлол, хошин шогийн агшуун байдлаараа бусдаасаа ялгагдсаар байсан юм. 18-р зуунд бичсэн Английн алдарт яруу найрагч Александр Попийн бүдүүлэг ч гэмээр “Дунциад”-ыг Меннипийн хошин шог зохиолд тооцдог. Мөн 1932 онд бичигдсэн Алдоус Хакслийн зохиол “Цоо шинэ ертөнц” бол Меннипийн шог зөгнөлт зохиол юм. 1960 болон 1970-аад оны үед буюу “Мастер Маргарита хоёр” зохиол анх хэвлэгдсэн онуудад Зөвлөлтийн Нобелийн шагналт зохиолч Александр Солженыцин өөрийн Зөвлөлт засгийн эсрэг уур хилэнгээ Меннипийн хошин шог байдлаар илэрхийлдэг байсан юм.

Симболизм

Энд дурдагдаж буй симболист дүр зургууд романыг маш сонирхолтой болгож байгаагаас гадна гурван түүхийг холбож өгч байгаа юм. Нар, сар хоёрыг зохиол даяар олонтаа дурддаг. Берлиоз, Иван хоёр нар жаргаж байх үед ярилцаж эхэлдэг ба бүрэнхий болж эхлэхэд чөтгөр гарч ирдэг. Иешуаг цовдлогдож байх үед нарнаас болж Понтий Пилатын толгой улам өвдөж эхэлдэг. Үүнтэй эсрэгцэн Мастер, Иван хоёр саранд маш дургүй байх жишээтэй. Энэ нь тэднийг галзуу биш гэдгийг илтгэж өгч байгаа зүйлүүдийн нэг юм. Уламжлалаар бол нарыг логиктой, ухаалаг байдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг бол сарны гэрлийг ихэвчлэн далд ухамсарыг тайлбарлахад хэрэглэдэг.

Нэгэн том бэлэг тэмдэг болж буй зүйл бол дуу цахилгаант аадар бороо юм. Энэ нь романы маш чухал хэсгүүд дээр болдог. Дуу цахилгаант бороо Иешуаг цовдлогдсон байхад болж, тэр үед Иешуа үхэлтэйгээ тулдаг бол Москва дээгүүр хүчтэй аадар бороо орж чөтгөр өөрийн дагалдангуудтайгаа хамт Москваг орхин явдаг. Зохиолчид аадар бороог ихэвчлэн өөрийн гол баатрын сэтгэл зүйн дарамтыг чөлөөлж байгаагаа илэрхийлэхэд хэрэглэдэг.

Зохиолд үүнээс гадна нилээн олон гүн ухааны агуулгатай симболизм оршиж байдаг. Гадаад мөнгө жишээ нь Зөвлөлтийн бус санааг илэрхийлж байгаа бөгөөд Зөвлөлтийн засгийн газар дарж устгах гэж оролддог үнэ цэнэт санааг илтгэж байгаа юм. Пилатын амнаасаа огин гаргадаг цусан улаан дарс борооноор урсаж арилахгүй байгаа нь түүний сэтгэлийн нүгэлийг илэрхийлж байгаа юм.

Ажил руугаа барьж яваа хүмүүсийн хоосон чемоданууд, Театрын комиссынхон бүгдээрээ “Волгын завьчдын дуу” хэмээх дууг дуулахгүй байж чадахаа байдаг зэрэг нь Зөвлөлтийн тэр үеийн иргэдийн ухаангүй, үлгэн байдлыг илтгэж байгаа билээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Powerade Coupons