Театрын урлаг хөгжлийн шинэ замд


Хүмүүс урлагийн бутээлүүдтэй танилцахдаа нийгмийн тэмцэл хөгжил, аливаа улс үндэстний түүх, соёлын ахуй амьдрал, зан заншил, зоригт баатрууд, суут хүмүүсийнх нь үйл амьдралын талаар мэдээгүйгээ мэдэж, сонсоогүйгээ сонсож, байгаль ертөнцийн тухай өөрсдийн ойлголтоо улам баяжуулдаг.
Урлагийн тусламжтайгаар хүн амьдралыг томруулдаг шилээр харж байгаа мэт харж амьдралын тухай ойлгоцоо улам баяжуулдаг билээ. Хүмүүс урлагийн бүтээлээр дамжуулан өөрөө өөрийнхөө сэтгэлийн гэм дутагтлыг сэхээрэх нь бий. Ингэснээрээ амьдралд тодорхой зан харилцааг өөртөө тогтоож авдаг.
Үүгээрээ урлаг нь хүний ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлэгч чухал хэрэглүүр болдог. Урлаг нь амьдрал, нийгэмд харилцах харилцааг чиглүүлэгч мэргэн зөвлөгч ертөнц болох хүнийг л өөрчлөгч зэвсэг болдог байна.
Тайзны бүтээл нь нийлмэл урлаг бөгөөд юуны урьд зохиол дээр тулгуурладаг. Зохиолын дүрийг бие хүнээр амьдруулан гаргагч жүжигчний сэтгэл санааны байдлыг улам тодотгох, үзэгчдийн бодол ухааны ойлголтыг гүнзгийрүүлэхэд тайз засал чухал хэрэглүүр болдог. Үүнд, хөгжим дуу, зураг чимэглэл, тайз заслал, хувцас, нүүр хувиргалт бүгд багтдаг юм. Энэ бүгдийг хийж бас тэр үед сүүдэр ший гэх буюу киног анх мөн цэнгэлдэх хүрээлэн театрт гаргаж эхэлсэн зэрэг нь цөм чухал зүйл байв.
Театрын олон төрөл шилмэл урлагийн хамгийн том нь жүжигчний урлаг юм. Үүнийг тавхан жилийн дотор А. Ефремов манай жүжигчдэд Станиславскийн системээр сургаж хүмүүжүүлсний үр дүн маш өндөр байв.
Хятад театр хэдэн зуун жил бидний зүрх сэтгэлийг эзэмдэж чадаагүй байдаг. Гэтэл еврон түүний дундаас Орос Зөвлөлтийн театрын систем тийнхүү хүмүүсийн сэтгэл, оюунд дорхноо нөлөөлж сонирхлыг татаж чадсан явдал нь Станиславскийн реалист систем, түүний тэргүүний иж бүрэн зүйлийг дэвшилт хүн төрөлхтний амьдрал, тэмцлийн үнэнтэй гүн холбоотой байдлаас болсон хэрэг юм.
Станиславскийн систем нь хүн амьдралд яаж явдаг, сонсдог, анхаардаг, яагаад ямар учраас ямар нэг хөдөлгөөн үйлдлийг хийдэг, бусадтай зохицон эд юмс, орчин ахуйтай яаж харилцдаг зэрэг хүний бодит амьдралд наад захын үндсэн элементүүдийг задлан шинжилж нэгтгэсэн систем юм. Жүжгийн дүр дээр биш, жүжигчний өөр дээрээ хийж сурах дасгал сургууль хийснээр л сая харж байгаа хүмүүст үнэмшүүлж чадах болдог.
Иж бүрэн аргын хоёрдугаар хэсэгт хүн, яаж сэтгэж боддог, ямар зан араншинтай хүмүүс байдаг, бие биеэсээ ялгагдах онцлог нь ямар үг, үйл хөдлөлөөр илэрдэг болох зэргийг жужигчин хүн өөрөө бодож бясалгаж, бие сэтгэлээрээ дүрд хувилан тоглох нь энэ системийн гол зорилго юм.
Мөн психологи, логикийн үүднээс задлан шинжлэх, дараа нь хүн болгон нэгтгэж чадах чадвар зэргийг ойлгуулан мэдүүлэхэд оршдог.
Европ даяар жүжигчин сургах Станиславскийн иж бүрэн арга зүй хэзээнээс дэлгэрсний нэг жишээг дурдахад Финляндийн театрын нэрт жүжигчин Берта Лнндбергт Москвад очиж уран сайхны театрын туршлагыг судлах бололцоо олдсон байна. Түүний бичсэн нь “1916-1917 онуудад би Москвад курст байхдаа уран сайхны театр болон түүний бүтээлүүд дээр суух зөвшөөрөл олсон юм. Станиславский бол гайхамшигт суут хүн. Миний үзсэн театрууд дотроос хамгийн үнэн, энгийн хүн бүрд ойлгогдох чадлаараа сайн нь түүнийх юм. Миний үзэж судалсан арга барилын дотроос хамгийн дээд, гойд нь мөн юм.”
Станиславскийн системийн дагуу, сэтгэлгээг гүнзгий илэрхийлж түүгээр үзэгчдэд нөлөөлөх, жүжгүүдийн чадлыг өндөржүүлэх шинэ зорилтыг тавихдаа театрын уран бүтээлчид багагүй бэрхшээл туулсан байдаг.
Үүнд, инээдмийн анхны жүжиг үлгэрийн далай “Ильдандийн” хэсэгт Ильдандийг тоглохдоо түүх, уран цэцэн утга санааг гаргахын оронд, үзэгчдийг инээдэмд хөтлөгдөж улам инээдэмтэй болгохын тулд (бурлеск) бөгс хөдөлгөх, хоосон марзганах хөдөлгөөнийг хийж, утгыг бүрхэгдүүлэх дутагдал анхны жилүүдэд нэлээд байжээ.
Жүжигт “Үнэн байдал” хэрэгтэй гэснийг уран сайхны үнэнээр биш амьдралыг тэр чигээр нь буулгасан зүйл гэж ойлгон яг хуулах нь натурализмын алдаанд орж байлаа.
Хувьсгалт реализмын арга барил нэвтрэн гүнзгийрсэн нь манай орны хувьсгалт урлагийн ахмад үеийнхэн уран сайхныг үүсгэн эхлэх цагаас аван өөрийн бүтээл туурвилаа туурвиж эхлэхэд том нөлөө үзүүлсэн юм.
"Монголын театрын түүхэн замнал" номноос

0 сэтгэгдэл:

Post a Comment